Нийгмийн ухааны тэнхим

1992 оны ТИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр УТЭЗУ-ны тэнхим татан буугдаж түүх, философийн тэнхимийг нэгтгэн “Нийгмийн ухааны тэнхим” болгон өөрчилжээ. 1982 оноос хойш өнөөдрийг хүртэл  сургууль бүтцийн өөрчлөлтөд дөрвөн удаа нэрээ  өөрчлөхөд Нийгмийн ухааны тэнхим, Нийгмийн халамж зүй-Философийн тэнхим, Улс төр, стратеги судлалын баг, Нийгмийн ажил-Психоанализийн баг, Нийгмийн ухааны салбар нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байжээ. 2024 оноос Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхим нэртэйгээр ажиллаж байна.

Нийгмийн ухааны тэнхимийн багш нар 1997 онд Монгол Улсад анхны нийгмийн ажил мэргэжил, 2009 онд мөн анхны Олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Мөн 2021 онд Сэтгэл судлал хөтөлбөрийг байгууллагын хэмээн бусад сургуулиас ялгагдах онцлогтой нээж, бакалавр магистрын түвшинд үйл ажиллагаагаа явуулж байна. Нийгмийн ухааны тэнхим нь улс төр судлал, сэтгэл зүй, социологи зэрэг нийгмийн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа хийхийн зэрэгцээ нийгмийн ажил, олон нийтийн харилцаа, сэтгэл судлалын чиглэлээр үндэсний хэмжээний тэргүүлэгч, манлайлагч болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Тус тэнхим нь мэргэжлийн гурван хөтөлбөрөөр нийт 302 бакалавр оюутан, 43 магистрант, 7 докторант, 21 багш, 1 сургалтын мастертай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багшлах бүрэлдэхүүний 64,7 хувь нь эрдмийн зэрэг цолтой, үүнээс дэд профессор цолтой 7, боловсролын доктор (Ph.D) 11 багш ажиллаж байна. Багш нарын 40 орчим хувь нь Япон, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан.

Нийгмийн ухааны тэнхимийн дэргэдэх төвүүд. Нийгмийн ухааны тэнхимийн дэргэд сургуулийн хөгжлийн бодлого, зорилт болон мэргэжлийн хөтөлбөрүүдтэй уялдсан хоёр төв ажилладаг.  

Нийгмийн ажлын нээлттэй мэдээллийн төв. Нийгмийн ухааны тэнхимийн “Нийгмийн ажлын хөтөлбөр”-ийн хамт олон нь БНЧУ-ын хөрөнгө оруулалттай “Каритас Чех” төрийн бус байгууллагаас зарласан тендерт оролцон шалгарч 2010 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн “Нийгмийн ажлын нээлттэй мэдээллийн төв”-ийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус мэдээллийн төвөөр 2010-2019 оны хооронд давхардсан тоогоор 7000 гаруй оюутан үйлчлүүлсэн байна. ШУТИС-ийн НХС-ийн Нийгмийн ажил мэргэжлийн оюутнуудаас гадна нийгмийн ажил мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн их, дээд сургуулийн оюутан, нийгмийн ажил мэргэжлийн их, дээд сургуулиудын багш нар, магистр, доктор оюутнууд, хот, хөдөө орон нутгийн Халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдэд нийгмийн ажил, сэтгэл судлал, социологи, гэр бүл, хүний эрх, хүний хөгжил, амьдрах ухааны ном сургалт, семинар, сурах бичиг, гарын авлагаар үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус мэдээллийн төв нь одоогоор нийт 3000 гишүүдийн бүртгэлтэй байгаа бөгөөд 3800 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, мэргэжлийн сэтгүүлээр үйлчилж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Номын сангийн үйлчилгээ, лекц, сургалт, семинар зохион байгуулах, нийгмийн ажил мэргэжлээр суралцагч оюутны клуб, сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах.

Сэтгэл зүйн төв нь ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр байгуулагдав. Ийнхүү тухайн үеийн БУХС-ийн захирал Г.Батхүрэл тус төвийг байгуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Төвийн зорилго: Хувь хүн, байгууллага, олон нийтэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх.

Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл: Сэтгэл зүйн оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сэтгэл зүйн боловсрол олгох сургалт

Сэтгэл зүйн төв нь: Мэргэжилтнүүд онолын болон практикийн олон жилийн туршлагатай, Сэтгэл зүйн оношилгооны өндөр хэлбэржсэн тестийн иж бүрдэл сантай, Мэргэжлийн холбогдолтой ном товхимол, сурах бичгийн хангалттай бааз суурьтай болсон.