Монгол, БНСУ-ын хамтарсан “Монголын соёлын биет өвийг хадгалах, хамгаалах технологийн мэргэжилтэн бэлтгэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” VI симпозиум 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн VIII байрны 12 давхрын хурлын танхимд болж байна.
Тус симпозиум нь Монгол, БНСУ-ын соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын салбарын эрдэмтэн, судлаач, багш, мэргэжилтнүүдийг нэгтгэж, хоёр улсын шинжлэх ухааны мэдлэг, судалгааны үр дүн, туршлагаа солилцох, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр хамаарагч Чой Жин Вон, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын харилцааны асуудал хариуцсан төлөөлөгч Б.Даваацэрэн, ШУТИС-ийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар оролцов.
Симпозиумыг ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн доктор, дэд профессор Д.Хатанбаатар удирдан явууллаа.
Симпозиумд БНСУ-ын Гангнён-Вонжүгийн Үндэсний их сургуулийн соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлийн эрдэмтэн, судлаачид, KOICA болон Шинжлэх ухаан, соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөл, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, ШУТИС болон бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, профессор, багш нар оролцож байна. Монгол Улсын 22 соёл, урлагийн байгууллага болон их сургуулийн төлөөлөл симпозиумд оролцож буйгаараа онцлог юм.
Симпозиумын хүрээнд Монгол Улсын соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүн, БНСУ-ын соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлийн судалгаа, хөгжлийн чиг хандлагын талаар тусгай хуралдаан зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хуралдаанаар угсаатны эд зүйлсийн соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, Монголын зээгт наамлын онцлог, ховордсон буддын шашны хөшөө дурсгалын хадгалалт хамгаалалтад хиймэл оюун ухаан болон зурагт суурилсан судалгаа, сэргээн засварлах технологи ашиглах боломж, соёлын өвийн судалгаа, хамгаалалтын шинэлэг арга зүй зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Мөн Монгол, Солонгосын соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, соёлын өвийн талаарх бодлого, шинжлэх ухааны судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэхүү симпозиум нь хоёр улсын эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын соёлын биет өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадгалан хамгаалах, сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэх, олон улсын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.