COVID-19-ийн нөхцөл дэх Миграци-2021 олон улсын онлайн хурлыг Хүмүүнлэгийн салбар зохион байгууллаа.
ganbii
 

2021-05-19-ний өдөр БуХС-ийн Хүмүүнлэгийн салбар “International Migration during the COVID-19 Pandemic” сэдэвт олон улсын онлайн хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хурал “Монгол улс - олон улсын миграцийн уулзвар дээр” гэдэг ерөнхий сэдвийн хүрээнд 10 дахь удаагаа зохион байгуулагдаж, Монгол, ОХУ, Турк, Хятад, Швед, Австрали- 6 орны 29 эрдэмтэн, судлаачдын 19 илтгэлийг хэлэлцүүллээ. Үндсэн  2 илтгэлийг ОХУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,  Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэнгийн судлаач Sc. доктор Балдано М.Н,  доктор Cветлана Кириченко “COVID-19 цар тахлын үе дэх хөдөлмөрийн мигрантууд (ОХУ-ын Алс Дорнодын тойргийн жишээн дээр)” сэдвээр, БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын профессор Н. Галиймаа “Олон улсын миграцид COVID-19 цар тахлын үзүүлж буй нөлөө: Шинэ хандлага” сэдвээр тавилаа.

Дэд профессор Д. Наранцацрал, дэд профессор Ц. Батцэрэн нар “COVID-19 цар тахлын үед Е сургалтын үнэлгээг соёл судлалын хичээл дээр хийсэн нь” Доктор (Ph.D) О. Болормаа, доктор (Ph.D) Г. Наран-Оюун нар “COVID-19 цар тахлын үед хилийн Алтанбулаг хотын оршин суугчдын амьдралд гарсан өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын сонирхлыг татав. 

Үдээс өмнөх хуралдааныг БуХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор О. Болормаа удирдан явууллаа. Энэ хуралдаанд Өвөрмонголын их сургуулийн профессор Сэцэнбаатар,  БХЭШХ-гийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, доктор Т. Сүхбаатар, ”  ДХИС-ийн ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач доктор Ц. Ганболд, МУИС-ийн багш дэд профессор Б. Дэлгэрмаа, магистр Д. Гоомарал,  доктор Л. Хэрлэн нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Үдээс хойшхи хуралдааныг профессор Н. Галиймаа удирдлаа.  Уг хуралдаанд Туркийн Газянтэпийн Исламын Шинжлэх ухаан, технологийн сургууль, Сакарягийн их сургуулийн 9 эрдэмтэн судлаач 4 илтгэлээр цар тахлын үед Туркийн нийгэм дэх хүмүүсийн сэтгэл санааны байдал, цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд COVID-19-ийн үеийн онлайн сургалтыг хэрхэн хүлээж авч буй, 2020 онд иммигрантуудын тухай туркчууд твиттерт ямар сэтгэгдэл үлдээсэн тухай, мөн XXI зууны миграцийн онолын талаар сонирхолтой судалгаануудыг хийж, асуудал дэвшүүлэн тавьсан. 

Мелбурний их сургуулийн доктор оюутан Ангус Б. газарзүй ба социологийн чанарын судалгааны аргуудыг хослуулан Улаанбаатар хот руу чиглэсэн дотоодын миграцийн талаар “Climate-forced urbanization in Mongolia” сэдвээр тун сонирхолтой бөгөөд Монгол улсад хэрэг болохуйц илтгэлийг тавилаа. Ульяновскийн багшийн их сургуулийн багш доктор, доцент Липатова Н. COVID-19-ийн үед үндэсний болон олон улсын арга хэмжээг хэрхэн зохион байгуулж болох, давуу болон сул талуудыг өөрийн жишээн дээр тайлбарлаж, Москвагийн ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн ажилтан, доктор Панарина Д.  цар тахлын өмнө ба дараа нь филиппин мигрантуудын ажил, амьдралд гарч буй өөрчлөлтийн талаар илтгэл хэлэлцүүлэв.

Тус хурал нь 1918 оны ЗОУ-д гарсан иргэний дайнаас шалтгаалан Монгол руу нүүж эхэлсэн буриадын нүүдлээс эхлээд цар тахлын үеийн онлайн сургалт, хүн амын сэтгэл санааны байдал, нийгэм, эдийн засгийн амьдрал, түүний өөрчлөлт, олон улсын миграцийн онолд гарч буй өөрчлөлт, арга зүйн асуудал гээд өргөн хүрээг хамарлаа.